Хөдөө аж ахуйн их сургууль
Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Хар модот”-ын даваанд орших тус төвийн анхны суурийг 2008 онд тавьсан бөгөөд тухайн ондоо ойр орчмын ойд дендролог, таксацийн дадлагыг гүйцэтгэсэн. 2009 оноос эхлэн сумын засаг захиргааны нэгжээс албан ёсны газрын зөвшөөрлийг авч үйл ажиллагааг эхлүүлэв. Юуны түрүүнд мод, сөөг тарьж ургуулах зорилгоор 2 га мод үржүүлгийн газар, 586 га сургалт-судалгааны ойн талбайг 2006 оны ОЗБ-ын материалаас сонгон авч хил, хязгаарыг тогтоов.
            2010 оны намар 1 га МҮГ-ын анхны хашааг хатгаж, дараа оноос дахин өргөтгөж 1 га талбайн хашааг шинээр байгуулав. 2012 оноос 10 гаран /Larix, Pinus, Abies, Salix, Populus, Ulmus, Amugdalus, Crataegus, Malus, Padus, Rosa, Caragana, Lonicera, Ribes, Hippophoe/ төрлийн 20 орчим зүйлийн мод, сөөгийг үр болон тайраадас, суулгацаар тарьж, суулгав.
            Тус сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн төвд жил бүр Ойн аж ахуйн инженерийн ангийн оюутнууд хавар мод тарилт, дендролог-таксацын сургалтын болон үйлдвэрлэлийн дадлага хийхээс гадна Ургамал хамгаалал, хорио цээр, үнэлгээний ангийн оюутнууд ойн хортон шавжийн дадлагад гардаг юм. Ингэснээр тус төвд жил бүр 70-120 оюутан мэргэжлийн чиглэл тус бүрээр дадлагад гарч онолоор үзсэн мэдлэгийг дадлагаар баталгаажуулан дадал, чадвар эзэмшдэг билээ.
            Дээр дурдсан мод, сөөгийг жил бүр нэр төрөл, зүйлийг арвижуулан ургуулахын хамт талбайг нэмэгдүүлэн үйлдвэрлэлийн чиглэлээр ургуулан гаргаж байгаа мод, сөөг бусад ургамлыг сум орон нутгийн мод огтолсон, түймэрт шатсан, өвчин хортонд нэрвэгдсэн газруудыг нөхөн сэргээхэд ашиглахын зэрэгцээ гоёл-чимэглэлийн зориулалттай зарим бут, сөөгийг ногоон байгууламжийн хэрэгцээнд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
            Цаашид МҮГ-ын талбайг өргөжүүлэхийн зэрэгцээ 100 оюутны байр, мод, сөөгний болон хөрсний шинжилгээний лаборатор, сургалтын хүмүүжлийн байр барихаар төлөвлөөд байна. Одоогоор манай төвд дэд профессор Ж.Бат-Эрдэнэ, докторант Ч.Оюун, Г.Мөнхбат, М.Норжмаа, Э.Баяржаргал нар байнга ажиллахын хамт тэнхимийн бусад профессор, багш, судлаачид сургалт-судалгааны чиглэлээр ажиллаж байна.
            2018 онд ХААИС болон БНСУ-ын Вонгуаны их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус сургалтын баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 300м2 хэмжээтэй мод үржүүлгийн иж бүрэн  хүлэмж 3 ширхэгийг нэмж байгуулахаар ажиллаж байна.
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn